Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

2023 оны Дэлхийн усны өдрийг "Өөрчлөлтийг хурдасгая” сэдвийн дор тэмдэглэж байна

Шинэчлэгдсэн: 2024-04-23 16:26:26

2023 оны Дэлхийн усны Өдөр

“Өөрчлөлтийг хурдасгая”

2021 оны 3-р сард болсон НҮБ-ын Усны 34-р уулзалтаар 2023 оны Дэлхийн усны өдөр болон Дэлхийн ариун цэврийн байгууламжийн өдрийн компанит ажлыг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно. Энэхүү уулзалтаар 2023 оны компанит ажлын зорилго, агуулгыг 2023 онд болох  НҮБ-ын Усны бага хуралд “ард түмний дуу хоолойг” хүргэхэд анхаарлаа хандуулахад чиглэнэ гэж тодорхойлсон байна.

Энэхүү Дэлхийн усны өдөр нь ус болон  ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа өөрчлөлтийг хурдасгая гэж уриалж байна.

Усгүй юм гэж энэ дэлхийд байхгүй, ус бүгдэд хамаатай, бүгдэд нөлөөлнө. Тийм учраас хүн бүхэн усны асуудлаар санаа зовж, өөрийн чадах бүхнээ хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг янз бүрийн түвшинд цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг уриалсан болно.

Та өөрөөсөө эхэл! Чадах зүйлээ хий! Та болон таны гэр бүл, сургууль, хамт олон усны хэрэглээ, ойлголт, менежментээ өөрчлөх замаар өөрчлөлтийг хийж чадна гэдгийг энэ жилийн Усны өдрийн болон усны жилийн хүрээнд онцгойлж байна.

Хувь хүний хувьд та өөрөө юу хийж чадах вэ гэхээр ядаж доорх хэдэн зүйлийг хийгээд, хэвшил зуршил болгочихвол таны хувь нэмэр эхэлж буй нь тэр гэж зөвлөсөн байх юм. Үүнд:

  • Усаа хэмнэх: Усанд орох, нүүр гар, шүд амаа угаахдаа, аяга тавгаа угаах, хоол хүнс хэрэглэхдээ усаа хэмнэлттэй ашиглаж сурах, өөрөөр хэлбэл гал тогоо, угаалгын өрөөнөөс эхэлж усаа хэмнэе.
  • Устай холбоотой элдэв зүйлийг асууж, сонирхож, сурч, үзэж харж, ойлгож, танин мэдэхийг хичээх: Миний, бидний хэрэглэж буй ус хаанаас яаж бий болж эсвэл ирж байгаа, усаа хэрхэн хуваарилж, хуваалцдаг болох, таны хэрэглээд хаясан бохир усыг хаана, яаж цэвэрлэдэг болох эсвэл таны хэрэглээний усыг хэрхэн олборлодог болох (өөрөөр хэлбэл сониуч байх, хамаатай байх, ус цэвэрлэх байгууламж, усны эх үүсвэрийн үйлдвэрүүдийг хэрхэн, яаж ажилладаг болох, хаана байдаг, бүр очиж үзэж сонирхох, нэг ийм үг байдаг “үгэнд дуртай юм”, эсвэл “яасан сониуч юм”, “хэн гэдэг”)
  • Байгаль дэлхий, усаа хамгаалах: Гол, нуурын эрэг тармаар мод, бут тарих, борооны ус хуримтлуулан зүлэг ногоог услах, үерийн эрсдлийг бууруулах, ус хуримтлуулахын тулд аливаа байгалийн шийдлийг дэмжиж ашиглах (Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2018 оны Усын өдрийн сэдэв “Байгалийн жамаар усны асуудлыг шийдвэрлэх тухай” (Nature-based Solutions for Water) гэж байлаа)
  • Бохирдуулахгүй байх талаар хичээх: Хүнсий үлдэгдэл, тос, тосон материал, эм, эмнэлэгийн болон химийн хог хаягдлыг эмх замбараагүй хаяж тараахгүй байх, тухайлбал, битгий бохирдуулах, элдэв бодис, хог хаягдлыг “00” руу хийгээд усаа татаарай гэсэн үг болно.
  • Усны алдагдал, бохир ус зайлуулах асуудал анхаарах: гэрт элдэв крант хоолой, мөн ус дамжуулах хоолой байгууламжаас ус гоожиж алдагдахаас сэргийлэх, тухай бүр мэдэгдэж байх, засах бөглөх арга хэмжээ авах, бохирын сав танкыг тухай бүр цэвэрлэж суллах арга хэмжээ авах, ус гоожиж байгаа болон бохирын хоолойг засч, бохирын савыг соруулан, хоослон, лаг асгасан тухай мэдээлж байх гэх мэт.
  • Усан орчноо цэвэр байлгах, цэвэрлэх ажилд идэвхтэй оролцох: Өөрийн нутгийн, хорооны, ойр орчмын гол, нуурын орчныг цэвэрлэх элдэв компанит ажилд идэвхитэй оролцох, цэвэр байлгах тал дээр санаа зовж байх
  • Шийдвэр гаргагч, эрх мэдэлтэн нарт байнга сануулж байх: Тухайлбал янз бүрийн түвшний засаг дарга нар, өөрийн тойргын Их хурлын гишүүдэд устай холбоотой асуудлыг шийдэх, хөрөнгө зардал хуваарилах талаар байнга хэлж ярьж, бичиж, сануулж, болж өгвөл шийдүүлж байх. Эвгүй хэлбэл, тэдэнд дарам шахалт үзүүлэх гэсэн үг л дээ.
  • Түүнчлэн дэлхийн хэмжээнд болохоор ус зөөхөд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, эр эм, охид хөвгүүд гэхгүй бүгд усандаа явж байх (Make it equal), болж өгвөл гэрийн хоол хүнс, өөрийн уламжлалт нутгийн бүтээгдэхүүнээр бүрдүүлэхийг хичээх (Eat local), аль болох ус бага хэрэглэдэг хоол, хүнс, бүтээгдэхүүн сонгох, ус хэрэглэх гамнах, хамгаалахтай холбоотой элдэв сөрөг, хуучны ёс заншил, хорио цээрийг давж гарах, хүний биологийн хэрэгцээтэй холбоотой нууцлаг зүйлсийг (Break taboos) мэдэж, ойлгож, анхаарах гэх зүйлийг бас зөвлөсөн байна.

Ус, ариун цэврийн байгууламжийн асуудлын шийдэл, өөрчлөлтийг хурдасгахтай холбогдон дэлхий даяар ("Be the change") өөрчлөлтөд бэлэн байх, үйлдэл, үйл явц, зан төлвийн өөрчлөгдөх чадвартай байх улмаар усны хэрэглээ, менежментийн арга барилаа өөрчлөхийн тулд өөрсдийн амьдралаас эхлэхийг  уриалж байна. Бага гэлтгүй үйлдэл, арга хэмжээ бүр эерэг өөрчлөлтийг бий болгох.

Хүн бүрийн, улс, ард иргэд бүхний дуу хоолой, хийсэн бүтээсэн үйлсийг 2023 онд буюу сүүлийн 50 жилд анх удаа дэлхийн хэмжээнд устай холбоотой асуудлаар НҮБ-ын түвшинд зохион байгуулж буй Дэлхийн Усны бага хурлын үеэр танилцуулах Ус-Үйл Ажиллагааны Хөтөлбөрт тусгахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 3-р сарын 22-нд буюу Дэлхийн усны өдөр нээгдэх НҮБ-ын Усны бага хурлын гол үр дүн болох "Ус- Үйл ажиллагааны Дэлхийн Хөтөлбөр" (Water Action Agenda) -т хувь нэмэр оруулна гэсэн үг болно.

"Ус-Үйл ажиллагааны Дэлхийн Хөтөлбөр" (Water Action Agenda) үндсэндээ ус, ариун цэврийн байгууламжийн зорилтууд, ялангуяа Тогтвортой хөгжлийн 6-р зорилт (SDG 6: 2030 оны түвшинд усыг бүгдэд хүрэлцээтэй болгоё, бүх нийтээр шаардлага хангасан эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжаар хангагдана)-д хурдан ахиц дэвшил гаргах зорилготой төр засгууд, компани, байгууллага, эвсэл, олон нийтийн байгууллага, хувь хүний дэлхий, олон улсын түвшинд ярьж тохирч шийдсэн хүлээх үүрэг, амлалтуудын цуглуулга юм.

Эцэст нь Дэлхийн усны өдрийн бас нэг онцлог бол Дэлхийн Ариун цэврийн байгууламжийн (World Toilet Day, 19 November) өдөртэй уялдуулан зохион байгуулахаар шийдвэрлэж, өргөн хүрээнд үйл ажиллагааг өрнүүлэхийг уриалсан бөгөөд энэ талаар хэдэн зүйл дурьдвал:

Нэр, томъёо, үг хэллэгийн хувьд бид “Жорлон” гэвэл хүн бүр мэднэ, “Бие засах газар” гэж заримдаа, ялангуяа социализмийн үед ярьдаг байлаа, орчин үед “00” гэж залуучууд ярих болсон, эцэст нь “Аруин цэврийн байгууламж” гэж албаны, мэргэжлийнхэн нэрлэдэг юм байна шүү.

Ус болон Жорлонгийн асуудлыг уялдуулахаар юуны өмнө хөрс, усыг бохирдуулдаггүй талаас, нөгөө талаас ус бага хэрэглэдэг, хэмнэдэг талаас ярьж ойлгоно.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд аймаг, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 3040 төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлонгийн төлөв байдалд тандалт судалгаа хийсэн. Тандалт судалгаанд хамрагдсан айл өрхийн 84.9 хувь нь стандартын шаардлага хангахгүй энгийн нүхэн жорлон ашиглаж хөрс бохирдуулж байна гэж үзжээ (УБ хотын захирагчийн ажлын албаны мэдээлэл).

Иймд сүүлийн жилүүдэд жорлонгоо өөрчлөх тухай төсөл хөтөлбөр санал санаачилга их болсныг та бүхэн анзаарч байгаа байх. Эко эсвэл ус хэмнэдэг жорлонгийн техник, технолоийн талаар бас их ярих болсон. Зарим хэсэг нь хэрэгжээд явж байгаа байх. “Хашаан дахь жорлонгоо гэртээ оруулъя”, "Жорлонгоо өөрчилье" төслийн багийнхны зүгээс Соруулдаг, Говийн хуурайшуулан хатаагч, Саванд хуурайшуулан хатаагч жорлон, Газарт бордоошуулагч болон Саванд цуглуулж, бордоошуулах жорлон зэрэг эко жорлонгийн таван технологи ард иргэдэд санал болгосон байна.

Таны бие засах газар таны хаягдал усны эх үүсвэр байж магадгүй гэж та бодож байсан уу? Гараа угаах, шүршүүрт орох, ургамлыг услахдаа хэр их ус хэрэглэж байгаагаа анхаарахаас гадна усны хэмнэлттэй, байгальд ээлтэй жорлон хийснээр хэр их ус хэмнэж болох талаар бодож үзэх хэрэгтэй. Үнэндээ, чанартай жорлон нь усыг (мөн таны усны төлбөрийг!) хэмнээд зогсохгүй, бөглөрлийг багасгадаг. Өнөөгийн бие засах газрууд нь илүү хатуу дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой бөгөөд энэ нь инженер, үйлдвэрлэгчдээс усны хэрэглээгээ багасгахын зэрэгцээ чанар, үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхийг шаардах хэрэгтэй.

Ер нь орчин үеийн ариун цэврийн байгууламж эсвэл жорлон нь эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартад нийцсэн, тог, хог хаягдал, усны хэрэгсэл шаардлагагүй, бүрэн бие даасан байдал зэргийг хангасан байх. Түүнчлэн усны хомсдолтой газруудад ялгардаг бохир усыг жорлонгийн ус болгон дахин боловсруулж болно. Зарим нь жорлонгийн бизнесийг ногоон бизнес гээд тойрог эдийн засаг үүсгэх бизнес гэж харж байна хэмээжээ (Ц.Оюунгэрэл нар). Мөн уг жорлон нь Монголтой төстэй хүйтэн уур амьсгалтай нөхцөлд зохицсон байх.

Эцэст нь

  • Усаа хэмнэе гэвэл ...
  • Эрүүл байя гэвэл ...
  • Байгаль орчноо бохирдуулахгүй гэвэл …
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэе гэвэл …  ус, жорлонгийн асуудлын шийдэл, өөрчлөлтийг хурдасгая.

Бэлтгэсэн:                    Др Д.Оюунбаатар