Сэрэмжлүүлэх мэдээ: Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Булган УЦУОШТӨВ 2023-03-20

Урьдчилсан мэдээ > Сарын төлөв

Сарын төлөв

Шинэчлэгдсэн: 2023-03-20 16:26:37

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Уур амьсгалын тойм

Гуравдугаар сарын агаарын температурын ОЖД нь нийт нутгаар -5,0...-8,4°C хүйтэн байдаг байна.

Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас 2-8°С-аар хүйтэн байсан нь 1979 оноос хойших хамгийн хүйтэн 3 дугаар сар болсон бол 2018 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас 0-9°С-аар дулаан байсан нь түүхэн дэх хамгийн дулаан 3 дугаар сар болсон байна.

Сарын нийлбэр хур тунадасны ОЖД нь нийт нутгаар 1,9-6,1 мм ордог байна. Зарим жил ОЖД-аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал: 1983 болон 1985 оны 3 дугаар саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн бага тунадастай 3 сар болсон байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ  

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр агаарын температур ОЖД-аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл өмнөх өдрүүдээсээ хүйтрэх төлөвтэй байна.

Энэ сард нутгийн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулаараа цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

                                                                       2023 оны 03 дугаар сарын температур, хур тунадасны явц

                                                                

[Улаан-агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хөх-агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, хар тод зураас-агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас–агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон-хур тунадасны хэмжээ]

                                     

                  Тайлбар: Зурган дээр тухайн сарын олон жилийн дундаж утгыг бичсэн болно.

                                                                                                ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.  Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

                                                                                                                        ЗӨВЛӨМЖ

Гуравдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлал өндөр байна.

БУЛГАН АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

                                                                                                            МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС