Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар)

Шинэчлэгдсэн: 2023-01-30 02:12:17

БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ

 (2022-12-01-НИЙ БАЙДЛААР)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нутгийн 90 орчим хувьд сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байв. Ихэнх нутгаар зуншлага сайн байсан хэдий ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал /шарилж/ түрж ургасаны дээр ургамал тачир сийрэг ургасан байв. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 гаруй хувьд буюу Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Хутаг, Баян-Агт, Сэлэнгэ, Хангал, Орхон сумын зарим багийн нутгаар даац хэтэрч гарсан байна. (http://bulgan.tsag-agaar.gov.mn).

Цасан бүрхүүлийн мэдээгээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар Сайхан, Хишиг-Өндөрт бага зэргийн тарлан цастай, Хангал, Баян-Агт, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумд болон, Гурванбулагийн зарим багийн нутгаар 5.1-10.0 см, бусад нутагт 2-4 см, гуу жалга, хунгарласан газартаа 11-17 см зузаан битүү цастай байна.

Цас удаа дараа орж, зузаан нь нэмэгдэн 11 дүгээр сарын сүүлчээр эрс хүйтэрсэн, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ нарийвчлагдаж гарсан тул бид зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргав.

2022 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 шахам хувьд их (12% нэн их, 34% их), 30 орчим (29%) хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 гаруй хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй гэж гарлаа.

Зуд болох нэн их эрсдэлтэй сумдад Баян-Агт, Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, сумд хамрагдаж байна. 

Энэ жил зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

 

БУЛГАН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2022-12-05